Ертөнц ба тэнгэрүүдийн үүсэл
Анхандаа зөвхөн харанхуй, үргэлж мөнхийн, хэмжээ хязгаар гэж үгүй Хаос л оршин байв. Амьдралын эх үүсвэр ч гэсэн түүнд агуулагдаж байжээ. Тэгээд орчлон ертөнц, үхэшгүй мөнхийн тэнгэрүүд цугаараа энэ Хаосоос бий болжээ. Газар дэлхийн эх тэнгэр Гея ч бас Хаосоос төрөв. Тэгээд энгэр цээжээ дэлгэн газар дээрх бүхий л амьтан, ургамалд амьдрал хайрлалаа.
Газар эх гаяа
Харин Газар Дэлхийн тэртээ доор, яг л дээд тэнгэр шиг тийм холд, гүнээс гүнд ёроолгүй уудам, үргэлжийн түнэр харанхуй, аймшигт Тартар бий болжээ.
Хүчирхэг, өгөөмөр Гея хязгааргүй уудам тэнгэр огторгуйн эзэн Ураныг төрүүлснээр, газар дэлхийн дээр хөх тэнгэр бий болов. Газар эхээс төрсөн сүрлэг Уулс нурууд тэнгэр өөд тэмүүлж, үргэлжийн дуу шуугиантай уудам Тэнгис бий боллоо. Газар эх Гея бас Эфирээс хүү төрүүлсэн нь дотоод тэнгисийн эзэн тэнгэр Понт ажээ. Харин Понт, Гея хоёрын дундаас тэнгисийн эм тэнгэр Еврибия төржээ.
Тэгээд тэнгэр огторгуйн эзэн Уран бүхнийг захирах болжээ. Тэрээр газрын эх Геяг эхнэр болгон авч, Гея түүнд зургаан хүү, зургаан охин төрүүлж өгсөн нь бүгд үлэмж биетнүүд (титанууд) аж. Нэг хүү Океан нь газар дэлхийг бүхэлд нь бүрхсэн бол нэг охин Фетида нь далай тэнгист цутгах бүхий л гол мөрнийг бий болгов. Тэр бас тэнгисийн охин тэнгэрүүд болох океанидуудыг төрүүлжээ. Харин үлэмж биет Гипперион, Тейя хоёрын дундаас нарны эр тэнгэр Гелиос, Сарны эм тэнгэр Селена, үүрийн туяаны охин тэнгэр Эос (Аврора) гарчээ. Өөр нэг хүү үлэмж биет Криос нь тэнгисийн эм тэнгэр Еврибиятай сууж үлэмж биет Астрейг төрүүлжээ. Харин Астрей ба Эосын дундаас шөнийн тэнгэрт гялалзан харагдах од мичид, хойд зүгийн догшин салхины эзэн тэнгэр Борей, зүүн зүгийн салхины эзэн Эвр, өмнөд зүгийн салхины эзэн тэнгэр Нот, өрнө зүгийн салхины эзэн тэнгэр Зефир нар төрсөн байна.
Гея эх титануудаас гадна духан дээрээ ганц нүдтэй аварга биет мангас (циклоп) гурвыг, уул шиг том биетэй тавин толгойтой, зуун гарт мангас (гекатонхейр) бас гурвыг төрүүлжээ. Уран тэнгэр өөрийн мангас хүүхдүүдийг хараад маш ихээр жигшин, Газар эхийн хэвлий рүү буцаан хийж, нарт ертөнцөд гарч ирэхий нь хоригложээ. Үүнээс болж Гея туйлын ихээр шаналж байв. Тэгээд Газар эх өөрийн үлэмж биет хүүхдүүдийг дуудан Ураны эсрэг тэмцэн босохыг ятгасан ч тэд нь төрсөн эцгийнхээ өөдөөс гар далайхаас эмээжээ. Зөвхөн отгон хүү болох Цаг хугацааны эр тэнгэр, атгаг муу санаат Крон (Хронос) л арга заль хэрэглэн эцгээ хаан ширээнээс түлхэн унагаж (эр бэлэг тэмдгий нь тасдан хаясан гэж байгаа!) эрх мэдлий нь гартаа авчээ.
Кронос бурхан хүүдээ идэж буй нь...
Энэ бүхэнд нь дургүйлхсэн Шөнийн эм тэнгэр Нюкта Уранд шийтгэл болгож өөрийн нөхөр Эребээс үхэлийн эр тэнгэр Танат, хэрүүл тэмцлийн эм тэнгэр Эрида, худал хуурмагийн эм тэнгэр Апата, сүйрэл мөхлийн эр тэнгэр Кер, зүүд нойрын эр тэнгэр Гипнос, ял шийтгэл өш хонзонгийн эм тэнгэр Немезида болон өөр олон аймшигт тэнгэрийг төрүүлжээ. Ингэснээр Ураны хаанчлан буй ертөнц айдас хүйдэс, хууран мэхлэлт, хэрүүл тэмцэл, гай зовлонгоор дүүрсэн гэдэг.
No comments:
Post a Comment