Saturday, November 9, 2013

Зевс хаан ширээг булаасан нь. Олимпийн тэнгэрүүд титануудтай тулалдсан нь

Зевс хаан ширээг булаасан нь. Олимпийн тэнгэрүүд титануудтай тулалдсан нь


Хүчит Зевс өсч торнин эрийн цээнд хүрлээ. Тэгээд эцгийнхээ эсрэг тэмцэн босч, залгисан хүүхдүүдийг нь буцаан гаргуулав. Гэрэлт ертөнц дээр дахин гарч ирсэн Кроны хүүхдүүд замбуу тивийн эрх мэдлийн төлөө эцгийнхээ эсрэг, титануудын эсрэг тэмцэж эхлэв.

Хатуу ширүүн, зогсолт буцалтгүй тэмцлийн үр дүнд тэд өндөр Олимпийн оройд өөрсдийн гэсэн байр сууриа олж авав. Зарим нэг титан тэдний талд оров. Хамгийн түрүүнд үлэмж биет Океан ба түүний охин Стикс өөрийн хүүхдүүд Зориг, Хүч, Ялалт нарын хамт нэгджээ.

Олимпийн шинэхэн тэнгэрүүдийн хувьд энэ тэмцэл аюул заналаар дүүрэн байлаа. Учир нь тэд маш хүчирхэг дайснуудын эсрэг тэмцэж байв. Ганц нүдтэнүүд - циклопууд бас Зевстэй нэгдлээ. Тэд Зевст зориулан аянга цахилгаан дархалж цаадах нь тэдгээрийг титанууд руу харваж байв. Арван жил тэмцэлдсэн боловч ялагч тодорсонгүй ээ. Тэгээд Зевс тэнгэр зуун гарт аварга биетнүүд - гекатонхейрүүдийг газрын гүнээс чөлөөлж өөртөө туслуулахаар шийджээ. Уул мэт сүрдэм үлэмж биет зуун гартнууд газар дээр гарч ирмэгцээ л тулалдаж эхлэв. Бүхэл бүтэн хад асгыг уулнаас тасдан авч хэдэн зуугаар нь титанууд руу шидэлж байлаа. Уулыг тал, талыг тамтаг болтол нь тэмцэлдэж байв. Тулааны нүргээн Тартарыг хүртэл цочоох. Зевс галт цахилгаан, нүргэлсэн аянгыг зогсоо зайгүй шидэлсээр байлаа. Газар дэлхий галаар хучигдан, далай тэнгис буцалж, хорвоо тэр аяараа утаа хиншүүнд автжээ.

Эцэст нь, титанууд ухарч эхлэв. Тэдний хүч чадал суларчээ. Тэнгэрүүд тэднийг ялан дийлэв. Олимпчууд тэднийг дөнгөлж Тартар луу, мөнхийн түнэр харанхуй луу унагаав. Харин зуун гарт гекатонхейрууд Тартарын зэс хаалгыг манан зогсох болов. Газар дэлхийг эзэгнэн байсан титануудын эрин үе ингэж төгсгөл болсон ажгуу.
                                                                        Пауль Рубенс. "Титануудын ялагдал"
                         Эртний грекчүүдийн шүтэж ирж байсан Олимп уул. Бурхадыг Олимп уулын оройд                                                                    амьдардаг хэмээн сүсэглэж биширдэг байжээ.

No comments:

Post a Comment